Говийн бага - Дархан цаазат газар

Ерөнхий танилцуулга

Говийн бага - Дархан цаазат газар

Байгаль орчны сайдын 1996 оны 81 дүгээр тушаалаар Өмнөд Говийн Улсын Тусгай Хамгаалалттай Газруудын Хамгаалалтын захиргааг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 30 ажилтан ажиллагсадтай байгуулж Говийн Бага Дархан Цаазат Газар, Говь Гурвансайханы Байгалийн Цогцолборт Газар гэсэн 2 хэсэг бүхий Дорноговь аймгийн Хатанбулаг, Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Номгон, Сэврэй, Баяндалай, Булган, Гурвантэс, Баянхонгор аймгийн Баянлиг, Шинэ жинст, Баянговь зэрэг 3 аймгийн 11 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 4533913 га талбайн зохицуулалт, ашиглалт, хамгаалалт, хяналт шалгалт, судалгаа мониторинг, аялал жуулчлалын үйл ажиллагааг хариуцуулж 2006 оны 12 дугаар сар хүртэл ажиллуулжээ.

Өмнөд Говийн Улсын Тусгай Хамгаалалттай Газруудын Хамгаалалтын захиргаа газар нутгийн онцлог, алслагдсан байдал, хамгаалалтын захиргааны хүчин чадлаас хамааран Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Говийн Бага Дархан Цаазат Газрын “Б” хэсгийн хязгаарлалтын бүс Тэнгэр нуур, Сүүж уулын район, Баруун цагаан толгой, Зүүн цагаан дэл, Модон шанд, Хурган шанд, Давхарын хяр зэрэг 7 газарт 2003 оны 11 дүгээр сараас эхэлж 3 жил гаруй үргэлжилсэн, байгаль орчинд сөрөг нөлөөтэй техник, технологи, тэсрэх дэлбэрэх  болон цианит натри, мөнгөн ус зэрэг хорт бодис ашиглан үндсэн ордоос алт олборлож байсан хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож чадаагүйн улмаас энэ асуудлыг УИХ-ын тусгай чуулганаар хэлэлцэж тодорхой шийдвэр гаргаж байжээ.

“Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны бүтцийг сайжруулах зарим арга хэмжээний тухай” Байгаль орчны сайдын 2006 оны 238 тоот тушаалаар Говийн Бага Дархан Цаазат Газрын Хамгаалалтын захиргааг Өмнөговь аймгийн Ханбогд суманд шинээр байгуулжээ.