Говийн бага дархан цаазат газар (ГБДЦГ) Өмнөговь аймгийн Номгон, Баян-Овоо, Ханбогд, Дорноговь аймгийн Хатанбулаг сумдын өмнөд хэсгийн хилийн заагийн газар нутаг, Борзон, Заг сүүж, Зээмэг, Галба, Хармагтайн говиудын зарим хэсгийг хамран орших ба “А”, “Б” гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нийтдээ 1839176 га талбай бүхий газар нутгийг эзэлдэг.
ГБДЦГ нь Монголын зүүн өмнөд говийн үндсэн хэв шинжийг төлөөлсөн, байгалийн унаган төрхөө харьцангуй сайн хадгалсан, дэлхийд ховордсон амьтад болох хулан, хар сүүлт зээрийн нэг үндсэн байршил нутаг мөн бөгөөд тэндхийн ховор амьтдыг хамгаалах зорилгоор 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан бөгөөд 1996 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан шалгууруудыг харгалзан үзээд УИХ-ын 43 дугаар тогтоолоор дархан цаазат газраар баталсан билээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан Байгаль орчны сайдын 2002 оны 245 тоот тушаалаар хамгаалалтын дотоод бүсүүдийг тогтоосон байна. Энэ дархан цаазат газрын нэг онцлог гэвэл “А”, “Б” хэсэг тус бүрт 4 онгон бүс, “А” хэсэгт таван, “Б” хэсэгт зургаан хамгаалалтын бүс тогтоосон байна. Дархан цаазат газрын хэмжээгээр газар нутгийн 11.4 хувийг онгон бүс, 13.6 хувийг хамгаалалтын, 75.0 хувийг хязгаарлалтын тус тус эзэлж байна.
Даланзадгадад төвтэй Өмнөд говийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа 2006 он хүртэл энэ дархан цаазат газрын хамгаалалтын асуудлыг хариуцаж байлаа.
ГБДЦГ-ын ховор амьтан, ургамал, говь цөлийн экосистемийг хамгаалах шаардлагын үүднээс хамгаалалтын асуудлыг нь Өмнөд говийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанаас салган 2006 онд тусд нь хамгаалалтын захиргааг Ханбогд сумын төв дээр байгуулсан.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ