Хууль, эрх зүй

ХОВОР АМЬТАН АГНАХ, БАРИХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага (цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх) нь халдварт өвчний голомтыг тогтоох зорилгоор ховор амьтныг агнах, барих зөвшөөрлийг эрдэм шинжилгээний байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн албан бичгээр, бусад тохиолдолд тусгай зөвшөөрлийн маягтаар олгоно.

1.3.Тусгай зөвшөөрлийн маягт, спорт агнуур болон олзворын агнуурын чиглэлээр амьтан агнах, барих гэрээний үлгэрчилсэн загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хоёр. Энэхүү журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсанаар ойлгоно

2.1.“Эрдэм, шинжилгээ” гэдэгт амьтны биеийн бүтцийг судлах, эд, эрхтэнд нь гэмтэл учруулалгүйгээр судалгааны багаж, тэмдэг зүүх, хэмжилт хийх, эд эрхтэнээс сорьц авахыг;

2.2.“Соёл, урлагийн зориулалт” гэдэгт үндэстэн, ястны уламжлалт зан үйл, музейн үзмэр, урлагийн бүтээл, амьтны хүрээлэн, соёлын үзвэрт ашиглахыг;

2.3.“Эмчилгээний зориулалт” гэдэгт эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн дагуу эмийн үйлдвэрлэл, эмчилгээний зорилгоор гаршуулан үржүүлэх замаар ашиглахыг;

2.4.“Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч” гэж тухайн агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр сумын Засаг дарга, аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагатай Амьтны тухай хуулийн 22.5-д зааснаар эхний ээлжинд нэг жилийн хугацаатайгаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг;

2.5.“Зуучлагч байгууллага” гэдэгт спорт агнуур болон олзворын чиглэлийн агнуурыг анчдад зуучлах, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг хуулийн этгээдийг.

Гурав. Судалгаа шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар агнах, барих тусгай зөвшөөрөл олгох

3.1.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан ан амьтны чиглэлийн мэргэжлийн байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллага нь ховор амьтныг судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар агнах, барих хүсэлтийг төрийн захиргааны төв байгууллагад бичгээр гаргана.

3.2.Ховор амьтныг судалгаа шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар агнах, барих хүсэлтэд амьтны зүйлийн нэр, тоо толгой, үндэслэл, агнах болон барих арга зүй, хугацаа, аймаг, сум, агнуурын бүс нутгийн нэрийг тодорхой заана.

3.3.Улсын тусгай хамгаалалттай газарт ховор амьтан барих тохиолдолд энэхүү журмын 3.2-т зааснаас гадна тухайн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан гэрээг хавсаргана.

3.4.Төрийн захиргааны төв байгууллага нь зөвшөөрлийг олгохдоо холбогдох төрийн болон судалгаа, шинжилгээ, эрүүл мэнд, мал эмнэлэг, мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлт гаргуулж болно.

Дөрөв. Спорт агнуур болон олзворын чиглэлээр ан амьтан агнах тусгай зөвшөөрөл олгох

4.1. Тухайн агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч дараа онд тусгай зөвшөөрлөөр агнах амьтны тоо хэмжээний саналыг батлагдсан ан агнуурын менежментийн төлөвлөгөө, хяналтын үнэлгээг үндэслэн жил бүрийн 10 дугаар сарын 10-ны дотор аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 9-р тогтоолоор өөрчлөн найруулсан/

4.2.Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага нь энэхүү журмын 4.1-д заасан хүсэлт, аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд үндэслэн дараа онд тусгай зөвшөөрлөөр агнах амьтны тоо хэмжээний саналыг аймгийн хэмжээнд нэгтгэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 10 дугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 9-р тогтоолоор өөрчлөлт орсон/

4.3.Төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай гэж үзвэл ан амьтны тоо толгойн хяналтын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тухайн агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагчийн хөрөнгөөр хийлгэж болно. 

4.4.Төрийн захиргааны төв байгууллага аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагын санал, аймгийн болон агнуурын бүс нутгийн батлагдсан ан агнуурын менежментийн төлөвлөгөө, энэхүү журмын 4.3-т заасан үнэлгээний дүгнэлтийг харгалзаж дараа онд тусгай зориулалтаар спорт болон олзворын чиглэлээр агнах, барих амьтны тоо хэмжээний саналыг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт хүргүүлнэ. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 9-р тогтоолоор өөрчлөлт орсон/

4.5.Тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг Засгийн газар баталснаас хойш ажлын 14 хоногт багтаан байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараа онд тусгай зөвшөөрлөөр агнах, барих амьтны тоо толгойг агнуурын бүс нутгаар хуваарилан батална.

4.6.Энэхүү журмын 2.4-т заасан байгууллага нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, зуучлагч байгууллагатай гурвалсан гэрээ байгуулж, заасан хуваарийн дагуу ан амьтан агнах ажлыг зохион байгуулна. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 9-р тогтоолоор өөрчлөлт орсон/

4.7.Тухайн агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч байгууллага нь гадаадын анчдад зуучлах үүргийг өөрөө хариуцан гүйцэтгэж байгаа тохиолдолд зөвхөн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулж болно. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 9-р тогтоолоор өөрчлөлт орсон/

4.8. Тухайн агнуурын бүс нутаг нь орон нутгийн тусгай хамгаалалттай газарт бүртгэгдсэн тохиолдолд энэхүү журмын 4.6, 4.7-д заасан гэрээг аймгийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулна. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 9-р тогтоолоор өөрчлөн найруулсан/

4.9.Төрийн захиргааны төв байгууллагын тухайн асуудлыг хариуцсан нэгж энэхүү журмын 4.6, 4.7-д заасан гэрээний эх хувь, агнуулах ангийн төлбөр, хураамжийг төлсөн санхүүгийн баримтыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгоно. 

Тав. Спорт агнуур болон олзворын чиглэлээр ан амьтан барих тусгай зөвшөөрөл олгох

5.1.Амьтны тухай хуулийн 22.3-т заасны дагуу сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн нутаг дэвсгэртээ нарийвчилсан агнуур зохион байгуулалтад үндэслэн спорт агнуурын зорилгоор загас, олзворын чиглэлээр ховор шувуу барих газрыг тогтооно. Загасчлах газар нь агнуурын ховор загасны амьдрах орчинтой давхардах эсэхийг шийдвэрт тодорхой тусгана.

5.2.Агнуурын ховор загасны амьдрах орчинд зөвхөн Амьтны тухай хуулийн 21.1.6-д заасан аргаар загасчилна.

5.3.Төрийн захиргааны төв байгууллага агнуурын ховор загас, шувуу барих тусгай зөвшөөрлийг тухайн сум, дүүргийн Засаг дарга, зуучлагч байгууллагатай хийсэн гэрээ, барих ангийн төлбөр, хураамжийг төлсөн баримтыг үндэслэн олгоно. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 9-р тогтоолоор өөрчлөлт орсон/

5.4.Агнуурын ховор загас барих нэг удаагийн тусгай зөвшөөрлийн хугацаа 14 хоног хүртэл байна. Агнуурын ховор загас барих тусгай зөвшөөрлийн төлбөрийг хүн/хоногоор тооцно. 

Зургаа. Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч байгууллагад тавигдах шалгуур үзүүлэлт

6.1.Энэхүү журмын 2.4-т заасан байгууллага нь хариуцаж байгаа агнуурын бүс нутгийн нарийвчилсан агнуур зохион байгуулалтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, ан агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулсан байна.

6.2.Ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг аймаг, сумын Засаг даргатай хамтран дүгнэж, тайланг аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад жил бүр хүлээлгэн өгнө. 

6.3.Зуучлагч байгууллагатай хийсэн ховор амьтан агнах, барих ажил үйлчилгээний гэрээний биелэлтийг хангана.

6.4.Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч байгууллага нь энэхүү журмын 4.6, 4.7-д заасан ховор амьтан агнах, барих гэрээний биелэлтийн тайланг аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад жил бүрийн 11 дүгээр сарын 15-наас өмнө хүргүүлнэ.

6.5.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1-д заасны дагуу тусгай зориулалтаар агнаж, барьсан ан амьтны төлбөрийн орлогын 50-иас доошгүй хувийг агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулна.

6.6.Агнуурын бүс нутагт тусгай зөвшөөрлөөр агнаж, барьсан ан амьтны төлбөрийн 50-иас доошгүй хувийг зөвхөн тухайн агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулна.

Долоо. Зуучлагч байгууллагад тавих шалгуур үзүүлэлт /Энэ хэсгийг ЗГ-ын 2017 оны 9-р тогтоолоор нэмсэн/
               
7.1. Зуучлагч байгууллага нь энэхүү журмын 4.6, 4.7-д заасны дагуу ховор амьтан агнах, барих ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.
                
7.2. Зуучлагч байгууллага гадаадын болон дотоодын анчдад зуучлан ан хийлгэх мэргэжлийн боловсон хүчинтэй байна.
                 
7.3. Зуучлагч байгууллага спорт агнуур болон олзворын ангийн чиглэлээр амьтан агнах, барихдаа Амьтны тухай хуульд хориглохоор заасан арга, зэвсэг хэрэгсэл хэрэглэхгүй, хориглосон үйл ажиллагааг явуулахгүй.

7.4. Ховор амьтан агнах, барих ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээний биелэлтийн тайланг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Найм. Бусад /Энэ хэсгийг ЗГ-ын 2017 оны 9-р тогтоолоор нэмсэн/

8.1. Засгийн газрын болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийн дагуу тухайн жилд гадаадын иргэд (анчид)-д зуучлан агнуулах хуваарьт заасан ангаас угалз, тэхийг бүрэн агнуулж чадаагүй, эсхүл нийт ангийнхаа 75–аас доошгүй хувийг борлуулж чадаагүй зуучлагч байгууллагын дараа жилийн хуваарийг хасч тогтооно.
    
8.2. Зуучлагч байгууллага нь тухайн жилд гадаадын иргэд (анчид)-ээр тусгай зориулалтын анг агнуулахдаа хууль тогтоомжид хориглосон арга, хэрэгсэл ашигласан, эсхүл агнуурын бүс нутгийн хилийн заагаас гадна агнуулсан бол түүний агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын эрхийг цуцлах арга хэмжээг авна.

8.3. Иргэн, хуулийн этгээд нь энэ журам болон “Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам”-ыг зөрчсөн тохиолдолд тэдгээрийн мэргэжлийн байгууллагын эрхийг хүчингүй болгох үндэслэл болно.