Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газарт тодорхой зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл цаашид "зөвшөөрөл" гэх олгох, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.
1.2 Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад цаашид "хамгаалалтын захиргаа" гэх менежментийн төлөвлөгөөндөө тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах чиглэл, байршил хэмжээг тогтоосон ерөнхий төлөвлөгөөг зохих мэргэжлийн байгууллагын санал дүгнэлт, судалгааг үндэслэн тусгасан байна.
Хоёр. Газар ашиглах тухай хүсэлт гаргах
2.1 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар ашиглах тухай хүсэлтээ төслийн хамт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хамгаалалтын захиргаа, салбар, хэсэг, хэрвээ хамгаалалт хариуцсан дээрх байгууллагын аль нэг байгуулагдаагүй бол тухайн байгалийн нөөц газар, дурсгалт газрын хамгаалалтыг хариуцсан сум, дүүргийн Засаг даргад гаргана.
2.2 "Хамгаалалтын захиргаа" нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах тухай өргөдөл, хүсэлт, хэрэгжүүлэх төслийг хянан үзээд Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд заагдсан газар ашиглуулах чиглэл, байршилд нийцсэн бол хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналын хамт Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар хүргүүлнэ./БОС-ын 2005 оны 244 дүгээр тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/
2.3 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хийгдсэн төсөл нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бол уг үйл ажиллагааг эрхлэх тухай холбогдох Төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөл авсан байна.
Гурав. Газар ашиглах зөвшөөрөл олгох
3.1 Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгжүүлэх төслийг доорх шалгуураар хянан үзнэ.
· төсөл хэрэгжүүлэгч уг төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадвартайг нотолсон эрх бүхий байгууллагын баталгаа
· татварын болон банкны өргүй гэдгийг баталсан баримт бичиг
· тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөний чиглэл, зорилгод тохирсон эсэх
· гэрчилгээний үнэ, тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал эрхлэх эрхийн бичиг олгосны хураамж төлбөр баримт (Энэ заалтыг Байгаль орчны сайдын 2002 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан)
3.2 Шаардлага хангаагүй тохиолдолд татгалзсан шалтгаан, үндэслэлийг тодорхой бичсэн албан тоотыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ажлын 15 хоногийн дотор явуулна. Дээрх шалгуурыг бүрэн хангасан тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлнэ.
3.3 Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төсөлдөө "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай" хуульд заасан хугацаанд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэнэ.
3.4 “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, БО-ны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна./БОС-ын 2005 оны 244 дүгээр тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/
3.5 Газар ашиглагч нь төслөө өргөтгөх, шинэчлэх тохиолдолд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас зөвшөөрөл авч, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг дахин хийлгэнэ. /БОС-ын 2005 оны 244 дүгээр тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/
3.6 Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг дарга нар тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглалтын тухай жилийн мэдээ, тайланг дараа оны 1 дүгээр сарын 15 – ны дотор Байгаль орчны яаманд ирүүлнэ.
3.7 Тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглахаар санал гаргаж буй газрууд давхацсан тохиолдолд төслүүдэд нь хяналт шинжилгээ хийж байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний зардал, үр өгөөжийн байдал зэргийг харгалзан сонголт хийнэ.
3.8. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгоход батлуулах байршлын схемийг Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас авч, мэргэжлийн байгууллагуудын техникийн нөхцөл, дүгнэлт гаргуулна.
3.9. Тусгай хамгаалалттай газар нутагт баригдах барилга, обьектын барилгын зургийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, хянуулах ба төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй байрлалд дэд бүтцийн асуудлыг газар ашиглагч байгальд халгүй аргаар шийдэж, ажлын зургийг холбогдох хамгаалалтын захиргаагаар хянуулна гэсэн заалтыг нэмж оруулсугай./3.8, 3.9 дэх заалтыг БОС-ын 2003 оны 164 дүгээр тушаалаар нэмсэн/
3.10. Тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин газрын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газарт хэрэгжүүлэхээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын боловсруулсан төсөл нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бол мэргэжлийн байгууллагаар экологийн магадлан шинжилгээний дүгнэлт гаргуулан, байгаль-экологид ээлтэй нь нотлогдсон тохиолдолд тухайн төслийг эрхэлсэн ажил үүргийн хуваарийн дагуу хариуцах холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталснаар уг төсөл хэрэгжих газрын зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгож болно /Энэ заалтыг БОС-ын 2008 оны 06 сарын 21-ны өдрийн 234 дүгээр тушаалаар нэмсэн/
Дөрөв. Бусад
4.1 Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ажиллаж болно. Гэрээг Байгаль орчны сайд батална.
4.2 Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад "Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ" олгоно. Гэрчилгээний үнэ, тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал эрхлэх эрхийн бичиг олгосны хураамж 22500 төгрөгийг Байгаль хамгаалах сангийн дансанд тушаана. (Энэ заалтыг Байгаль орчны сайдын 2002 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан).
4.3 Ажил үйлчилгээний орлогыг ТХГН-ийн хамгаалалт, санхүүгийн үйл ажиллагаанд зарцуулна.
Тав. Хориглох үйл ажиллагаа
5.1 Газар ашиглагч нь төсөлд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, шинээр барилга байгууламж барих зэрэг ашиглалтын зориулалтыг өөрчлөх.
5.2 Ашиглаж байгаа газраа зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, түрээслүүлэх, дамжуулан ашиглуулах.
5.3 Тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн горимоор хориглосон, байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах
Зургаа. Хүлээлгэх хариуцлага
6.1 Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгуулллага нь гэрээнд заасан үүргээ чанд биелүүлнэ. Гэрээний үүргээ биелүүлээгүй бол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх ба удаа дараа зөрчиж тэр нь байгаль орчинд, их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ