Хууль, эрх зүй

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГ ДАХЬ РАШААН АШИГЛАХ ЖУРАМ

  Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол улсын хуулийн 27 дугаар зүйлийн 6 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгай хамгаалалттай газар нутаг /цаашид "ТХГН" гэх/ дахь рашаан, халуун уур, эрдэст нуур, эмчилгээний шаврыг /цаашид "рашаан" гэх/ эмчилгээ, сувилгааны зориулалтаар ашиглах асуудлыг ТХГН-ийн хамгаалалтын дэглэм, горимтой нийцүүлэн зохицуулахад энэ журмыг мөрдөнө    

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага /цаашид "ашиглагч" гэх/ дархан цаазат газар, байгалийн цогцолборт газарт рашаан ашиглах хүсэлтээ улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа /цаашид "хамгаалалтын захиргаа" гэх/-д, байгалийн нөөц газар, дурсгалт газар, орон нутгийн тусгай хамгаалалттай газарт рашаан ашиглах бол тухайн сумын Засаг дарга /цаашид "Засаг дарга" гэх/-д гаргана 

3.Рашааныг тогтвортой ашиглахын тулд мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн Байгаль орчны сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1998 оны 104/а/234 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Рашааны ашиглалт, хамгаалалтын дүрэм"-ийн дагуу хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс тогтоож, тэдгээрийн дэглэмийг мөрдөж ажиллана.

4.Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нар тухайн рашааны ашиглах боломжит нөөц, эмчилгээнд хэрэглэх аргыг мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулж, түүний жил, улирал, сард ашиглах дээд хэмжээ, түүнийг ашиглах хугацааг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоож, уг байгалийн баялгийн ашиглалт, хамгаалалт, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.

 

Хоёр.Рашааныг ашиглах

5.Рашааныг ахуйн хэрэгцээнд ашиглах бол түр хугацааны ашиглалт, үйлчилгээнд ашиглах бол байнгын ашиглалт гэж үзнэ. Рашааныг шугам сүлжээгээр буюу савлан зөөж түгээхийг үйлчилгээ гэж үзнэ.

6.Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт орших рашааныг ахуйн хэрэгцээнд ашиглахад хамгаалалтын захиргаа зөвшөөрөл олгож, "Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутагт түр нэвтрэн амарч зугаалах болон бусад төрлийн үйл ажиллагаа явуулах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрын хамгаалалтын асуудал хариуцсан байгууллагаас үйлчлэхэд мөрдөх журам"-аар тогтоосон хураамж авч, хамгаалалттай холбоотой заавар, зөвлөмж өгнө. Харин тухайн нутагт байнга оршин суудаг иргэдээс хураамж авахгүй.

7.Дархан цаазат газарт болон байгалийн цогцолборт газрын онцгой бүсэд рашааныг зөвхөн ахуйн хэрэгцээнд ашиглана.

8.Байгалийн нөөц газар, дурсгалт газар, орон нутгийн тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт орших рашааныг ахуйн хэрэгцээ буюу үйлчилгээнд ашигласны төлбөрийн хэмжээг Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосноор авна.

9.Байгалийн нөөц газар, дурсгалт газар, орон нутгийн тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт рашааныг ахуйн хэрэгцээнд ашиглахад Засаг дарга зөвшөөрөл олгож, төлбөрийг авч, хамгаалалттай холбоотой заавар, зөвлөмж өгнө.

10.ТХГН-т рашааныг үйлчилгээнд ашиглахад Байгаль орчны сайдын 2000 оны 13 дугаар тушаалаар батлагдсан "Монгол улсын Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ" болон "Рашааны ашиглалт, хамгаалалтын дүрэм"-ийн холбогдох заалт "Рашаан ашиглах тухай гэрээ"-г дагаж мөрдөнө.

11.Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга рашааныг үйлчилгээнд ашиглах тухай ашиглагчийн хүсэлт, өөрийнхөө саналыг холбогдох материалын хамт Байгаль орчныг хамгаалах албанд хүргүүлнэ.

12.Байгаль орчныг хамгаалах алба нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт, хамгаалалтын захиргаа буюу Засаг даргын санал, шаардлагатай тохиолдолд шинжлэх ухааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн рашаан ашиглуулах  эсэх талаар шийдвэр гаргана.

13.Хэрэв уг рашааныг үйлчилгээнд ашиглахаар 2 ба түүнээс дээш этгээд хүсэлт гаргавал Усны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу сонголт хийж, шийдвэр гаргана.

14.Рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсэд түүний төлөв байдалд сөргөөр нөлөөлөх аливаа үйл ажиллагааг явуулахыг хориглоно.

15.ТХГН-т гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, олон улсын байгууллага, харьяалалгүй хүн рашааныг үйлчилгээнд ашиглахыг хориглоно.

 

Гурав.Сумын Засаг даргын эрх, үүрэг

16.Засаг дарга Байгаль орчныг хамгаалах албаны шийдвэрийг үндэслэн ашиглагчтай рашааныг үйлчилгээнд ашиглах тухай гэрээ байгуулна.Рашааныг үйлчилгээнд ашиглах тухай гэрээнд Усны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, "Рашаан ашиглах тухай гэрээ"-нд заасан зүйлсийг тусгана.

17.Засаг дарга байгалийн нөөц газар, дурсгалт газар, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагтаа тухайн рашааныг хамгаалах, тогтвортой ашиглах арга хэмжээг төлөвлөж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж хэрэгжүүлнэ.

 

Дөрөв. Хамгаалалтын захиргааны эрх, үүрэг

18.Хамгаалалтын захиргаа Байгаль орчныг хамгаалах албаны шийдвэрийн дагуу ашиглагчтай рашааныг үйлчилгээнд ашиглах тухай гэрээ байгуулж, Байгаль орчныг хамгаалах албаны Дархан газрын товчоогоор батлуулж, рашааны хамгаалалтын бүсүүдийн хилийн заагийг тогтоож, бүсийн дэглэмийг мөрдүүлнэ.

19.Хамгаалалтын захиргаа тухайн рашааныг хамгаалах, зохистой ашиглахтай холбогдсон хууль тогтоомж, бусад холбогдох мэдээллийг ашиглагчдад таниулж, нөөц, чанарыг нь алдагдуулахгүй байх арга хэмжээг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлнэ.

 

Тав.Ашиглагчийн үүрэг, эрх

20.Ашиглагч рашааныг ашиглах явцдаа Усны тухай хуулийн 22 дугаар зүйл, ТХГН-ийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхээс гадна хамгаалалтын захиргаа буюу Засаг даргын заавар, зөвлөлгөө, хууль тогтоомжийн хүрээнд өгсөн үүргийг дагаж биелүүлнэ.

21.Ашиглагч рашааны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах үүрэг хүлээнэ.

 

Зургаа, Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

22.Энэ журмыг зөрчсөн ашиглагчдад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай Монгол улсын хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актын дагуу хариуцлага хүлээлгэнэ.