Хууль, эрх зүй

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ

 МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр   Улаанбаатар хот
 
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

 Энэ хуулийн зорилт нь байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх,соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах,танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж

 1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль,энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 З дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал

 1. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна:

 1/ дархан цаазат газар;

 2/ байгалийн цогцолборт газар;

 3/ байгалийн нөөц газар;

 4/ дурсгалт газар.

 2. Аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно.

4 дүгээр зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүс

 1. Улсын тусгай хамгаалалттай газар нутаг орчны бүстэй байж болно. Орчны бүсийн эрх зүйн байдлыг тусгай хуулиар зохицуулна.

/ Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ .

 2. Хуульд өөрөөр заагаагүй бол Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн заагийг зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн саналыг харгалзан тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага / цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ тогтооно.

/Энэ хэсэгт 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 5 дугаар зүйл. Улсын хилийн болон хил орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах

 1. Улсын хил орчмын тодорхой нутаг дэвсгэрийг хил залгаа улстай тохиролцсоны үндсэн дээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангилалд хамруулж болно.

 2. Улсын хил орчмын газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэхдээ Улсын хил хамгаалах байгууллагатай урьдчилан зөвшилцсөн байна.

 З. Улсын хил хамгаалах байгууллага нь зохих хууль тогтоомжийн дагуу улсын хилийн болон хил орчмын дэглэмд нийцүүлэн улсын хил дээрх болон улсын хил орчмын тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх журмыг хамгаалалтын захиргаа буюу зохих шатны Засаг даргатай тохиролцон тогтооно.

 4. Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалуулах зорилгоор хилийн төлөөлөгч, орлогч, туслагчид байгаль орчны хяналтын улсын байцаагчийн бүрэн эрхийг төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр олгож болно. Хилийн төлөөлөгч, орлогч, туслагч байгаль орчны хяналтын улсын байцаагчийн бүрэн эрхийг зөвхөн хилийн бүсэд хэрэгжүүлнэ.

 6 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг санхүүжүүлэх

 1. Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлын төсөв нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх, газрыг засаж тохижуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, мониторингийн аргаар судалгаа, шинжилгээ хийх, сурталчлах зардал, ажиллагсдын цалин хөлс зэргээс бүрдэнэ.

 2. Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлыг санхүүжүүлэх хөрөнгө нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

 1/ улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт;

/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

 2/ аялал, жуулчлалын болон бусад ажил, үйлчилгээний орлого;

 3/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, тусламж;

 4/ тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Дархан цаазат газар, түүний хамгаалалтын дэглэм

 7 дугаар зүйл. Дархан цаазат газар

 Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ.
 8 дугаар зүйл. Дархан цаазат газрын бүс
 Дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан дараахь бүсэд хуваана:

 1/ онгон бүс;

 2/ хамгаалалтын бүс;

 3/ хязгаарлалтын бүс.

 9 дүгээр зүйл. Онгон бүсийн дэглэм

 1. Онгон бүсэд байгалийн унаган төрх, хэв шинжийг нь хадгалах шаардлагад нийцүүлж зөвхөн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлнэ.

 2. Онгон бүсэд байгалийн төлөв байдлыг нь хөндөхгүйгээр зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулж болох бөгөөд үүнээс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

 10 дугаар зүйл. Хамгаалалтын бүсийн дэглэм
 Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна ургамал, амьтны аймгийн өсч үржих нөхцөлийг хангах, байгалийн гамшгаас учирсан хор уршгийг арилгахтай холбогдсон биотехникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хэрэгжүүлнэ.
11 дүгээр зүйл. Хязгаарлалтын бүсийн дэглэм
 Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно:

 1/ энэ хуулийн 9,1О дугаар зүйлд заасан үйл ажиллагаа;

 2/ хөрс, ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх;

 3/ ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх;

 4/ ан амьтны тооллого, тэдгээрийн тоо, нас, хүйс, сүргийн бүтцийг зохицуулах үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөр, аргачлалын дагуу явуулах;

 5/ рашаан, эмчилгээ, сувилгааны чанартай бусад эрдсийг ашиглах;

 6/ байгалийн аялал, жуулчлалыг тогтоосон зам, чиглэлээр зохих журмын дагуу зохион байгуулах;

 7/ аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах;

 8/ зураг авах, дууны болон дүрс бичлэг хийх, тэдгээрийг зохиол бүтээл туурвихад ашиглах;

 9/ уул,овоо тахих, уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх;

 10/ нутгийн оршин суугчид ахуйн хэрэгцээндээ зориулан байгалийн дагалт баялаг, эмийн болон хүнсний ургамлыг зохих журмын дагуу түүж ашиглах.

12 дугаар зүйл. Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа

Дархан цаазат газарт энэ хуулийн 1О,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 1/ газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх;

 2/ байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх;

 3/ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх, ноохойг хөндөх, эвдэж сүйтгэх;

 4/ хортон шавьж, мэрэгчид, түймэртэй тэмцэх, тэдгээрээс сэргийлэх арга хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөөлөх арга, техник, бодис хэрэглэх;

 5/ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих;

 6/ хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах;

 7/ тухайн газрын хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр нохой дагуулж, буу авч явах;

 8/ аргагүйгээс бусад тохиолдолд тухайн газрын хамгаалалтын захиргаанаас урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр агаарын хөлгөөр буулт хийх, хэт нам өндрөөр нислэг үйлдэх;

 9/ өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх;

 10/ нуур, мөрөн, гол горхи, булаг, шанд зэрэг ил задгай усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах;

 11/ хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Байгалийн цогцолборт газар, түүний хамгаалалтын дэглэм

 1З дугаар зүйл. Байгалийн цогцолборт газар

 Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн цогцолборт газар гэнэ.
14 дүгээр зүйл. Байгалийн цогцолборт газрын бүс
 Байгалийн цогцолборт газрыг байгалийн хэв шинж, ургамал, амьтны аймгийн байршил, түүх, соёлын дурсгалыг нь хадгалах шаардлага, аялал, жуулчлал хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан дараахь бүсэд хуваана:

 1/ онцгой бүс;

 2/ аялал,жуулчлалын бүс;

 3/ хязгаарлалтын бүс.

15 дугаар зүйл. Онцгой бүсийн дэглэм
Онцгой бүсэд байгалийн унаган төрхийг нь хадгалах шаардлагад нийцүүлэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ байгальд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулах, ургамал, амьтны өсч үржих нөхцөлийг хангах, хөрсийг нөхөн сэргээх, байгалийн гамшгаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авна.
16 дугаар зүйл. Аялал, жуулчлалын бүсийн дэглэм
 Аялал, жуулчлалын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно:

 1/ энэ хуулийн 11,15 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа явуулах;

 2/ зөвшөөрөгдсөн газар загас барих.

 17 дугаар зүйл. Хязгаарлалтын бүсийн дэглэм
 Хязгаарлалтын бүсэд дараахь үйл ажиллагаа явуулж болно:

 1/ энэ хуулийн 11,15,16 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа;

 2/ уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх;

 3/ аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих;

 4/ батлагдсан зураг төсөл, зохих журмын дагуу зам тавих, тээврийн хэрэгслийн зогсоол гаргах;

 5/ биеийн тамир, нийтийн арга хэмжээнд шаардагдах талбайг засч тохижуулах;

 6/ тухайн нутаг дэвсгэр дэх сууринг экологийн магадлан шинжилгээ хийж баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх.

 18 дугаар зүйл. Байгалийн цогцолборт газарт хориглох үйл ажиллагаа
 Байгалийн цогцолборт газарт энэ хуулийн 15,16,17 дугаар зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 1/ энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1-8, 11-т заасан үйл ажиллагаа явуулах;

 2/ онцгой бүсэд энэ хуулийн 12 дугаар зүйлийн 9,1О-т заасан үйл ажиллагаа явуулах;

 3/ батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зураг төсвийг зөрчиж суурингийн нутаг дэвсгэрийг тэлэх, барилга байгууламж барих.


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Байгалийн нөөц газар, түүний хамгаалалтын дэглэм

 19 дүгээр зүйл. Байгалийн нөөц газар

 Байгалийн тодорхой хэв шинж, аль нэгэн нөөц, баялгийг хамгаалах, хадгалах, нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн нөөц газар гэнэ.

 20 дугаар зүйл. Байгалийн нөөц газрын төрөл

 Байгалийн нөөц газрыг дараахь төрөлд хуваана:

 1/ байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилго бүхий байгалийн иж бүрдлийн нөөц газар;

 2/ ховор ховордсон ургамал, амьтныг хамгаалах, тэдгээрийн нөхөн үржих нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий биологийн нөөц газар;

 3/ эртний амьтан, ургамлын ховор олдворыг байгалийн байдлаар нь хадгалах зорилго бүхий байгалийн түүхэн олдворын нөөц газар;

 4/ газрын өвөрмөц тогтоц, илэрц, тэдгээрийн бүтцийг байгалийн байдлаар нь хадгалах зорилго бүхий геологийн нөөц газар;

5/ Мөрөн, гол, усны эх үүсвэрийг хамгаалах зорилго бүхий усны нөөц газар.

/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

 21 дүгээр зүйл. Байгалийн нөөц газрын дэглэм

 1. Байгалийн нөөц газарт хамгаалалтад авсан байгалийн хэв шинж, тодорхой баялгийн төрх байдал, ургамал, амьтны аймгийн байршил, өсөлт, үржилтэд сөрөг нөлөөгүйгээр уламжлалт аж ахуй эрхлэж болно.

 2. Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

 

ТАВДУГААР БҮЛЭГ
Дурсгалт газар, түүний хамгаалалтын дэглэм

 22 дугаар зүйл. Дурсгалт газар

 Байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын ул мөрийг уламжлагдан хадгалагдсан байгалийн байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дурсгалт газар гэнэ.
 2З дугаар зүйл. Дурсгалт газрын төрөл

 1. Дурсгалт газрыг дараахь төрөлд хуваана:

 

 1/ байгалийн дурсгалт газар;

 2/ түүх, соёлын дурсгалт газар;

 3/дэлхийн болон үндэсний соёлын өвийн дурсгалт газар.

/Энэ заалтыг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

 2. Байгалийн дурсгалт газарт өвөрмөц тогтоц, илэрц бүхий газар, эртний ургамал, амьтны чулуужсан үлдэгдэл, давхаргазүйн тулгуур зүсэлт зэрэг эрдэс чулуулгийн ховор олдвор,хүрхрээ, хясаа, хавцал, агуй, хад цохио, явар, цонж, төгөл мод, рашаан булаг, баянбүрд, элсэн манхан, солир, солирын цар, өрх, галт уулын тогоо зэргийг хамааруулж болно.

/Энэ хэсэгт 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 З. Түүх, соёлын дурсгалт газарт эртний хүний оромж, отог, сууц, агуй, сүг зураг, хадны бичээс, буган ба хүн чулуун хөшөө, булш бунхан, эртний хот, суурины үлдэгдэл, балгас, хэрэм, цайз, суваг шуудуу, далан, эртний зэр зэвсэг хийж байсан орд, уламжлалт зан үйлтэй холбоотой уул, овоо, тахилга бүхий болон түүхэн чухал үйл явдал болсон газар зэргийг хамааруулж болно.

24 дүгээр зүйл. Дурсгалт газрын дэглэм

1. Дурсгал газарт хаалт, хашлага барих, сэрэмжлүүлсэн дохио, тэмдэг тавих, түүний хамгаалалтыг нутгийн оршин суугчдад хариуцуулан өгөх зэргээр хамгаалалтын арга хэмжээ авна.

2. Дурсгалт газар дахь байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлээс О,1-З,О км-ийн орчимд сүр бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

3.Дэлхийн болон Үндэсний соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын дэглэмийг хуулиар тогтооно.

/Энэ хэсгийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

 25 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

 Улсын Их Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах талаар төрийн бодлогыг тодорхойлох;

2/ Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх.

 26 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
 Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж хангах;

2/ тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах эдийн засаг, зохион байгуулалтын тогтолцоог бүрдүүлж энэ асуудлаар Засгийн газрын болон Засгийн газрын бус байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах;

3/ тусгай хамгаалалттай газар нутгийг байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулаас сэргийлэх, тэдгээрээс учирсан хор уршгийг арилгахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүчийг нэгтгэн зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээ авах;

4/ тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсийг хөгжүүлэх, экологийн аюулгүй байдал, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

5/ энэ хуульд заасан хамгаалалтын дэглэмийн хүрээнд тухайн дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын горимыг батлах;

6/ байгалийн нөөц газрын болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох.

27 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
 Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2/ тусгай хамгаалалттай газар нутагт явуулах судалгаа, шинжилгээний ажлын журам, хөтөлбөрийг батлах, зөвшөөрөл олгох, холбогдох тайлан, мэдээллийг авч нэгдсэн санд оруулах;

3/ биологийн төрөл зүйлд судалгаа, тооллого явуулах, бүртгэл хөтлөх аргачлал, хөтөлбөрийг батлах, зөвшөөрөгдсөн бүсээс ажиглалтын зориулалтаар дээж, сорьц авах, хэмжилт хийх, сүргийн бүтцийг зохицуулах зорилгоор ан амьтныг агнах, барих журам тогтоох;

4/ ойг арчлах, ойжуулах, хөрс, ургамлыг нөхөн сэргээх журам, хөтөлбөрийг баталж, нөхөн сэргээх газрын хэмжээ, уг ажлыг гүйцэтгэх арга, технологийг тогтоох;

5/ хортон шавьж, мэрэгчид, түймрээс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх журам, аргачлал тогтоох, байгалийн гамшиг,гэнэтийн бусад аюулаас тусгай хамгаалалттай газар нутагт учирсан хор уршгийг багасгах арга хэмжээ авах;

6/ рашаан, эмчилгээ, сувилгааны зориулалттай бусад эрдэс, байгалийн дагалт баялгийг ашиглах журам, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлын жагсаалт, тэдгээрийг түүж бэлтгэх журмыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран тогтоох;

7/ аялал, жуулчлалын зам, чиглэл, журам тогтоох;

8/ тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин газрын ерөнхий төлөвлөгөө, шинээр байгуулах аялал, жуулчлалын бааз, амралт, сувиллын байршил, төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтран хянан батлах;

9/ тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох;

10/ зохих шатны Засаг даргатай зөвшилцөн тухайн дархан цаазат газар, байгалийн цогцолборт газарт хамгаалалтын захиргаа байгуулах асуудлыг шийдвэрлэж, даргыг нь байгаль орчны мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилох;

/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

11/ Усны нөөц доройтон хомсдож, бохирдох бодит аюул учирч байгаа улсын хэмжээний ач холбогдол бүхий том гол, сав газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг зохих шатанд тавьж шийдвэрлүүлэх.

/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

28 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
 Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ өөрийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газар нутагт холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Засаг даргын илтгэлийг хэлэлцэж зохих шийдвэр гаргах, түүний биелэлтийг хангуулах;

2/ нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай саналыг дээд шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу Засгийн газарт уламжлах;

3/ нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох.

29 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
 Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2/ өөрийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг улсын тусгай болон орон нутгийн хамгаалалтад авах талаар санал боловсруулж зохих байгууллагад уламжлах;

3/ байгалийн нөөц газар, дурсгалт газрын хамгаалалтыг эрхлэх.

30 дугаар зүйл. Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа
 Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа /цаашид "хамгаалалтын захиргаа" гэх/ нь дараахь үйл ажиллагаа явуулна:

1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах;

2/ судалгаа, шинжилгээ хийх зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих;

3/ зохих журмын дагуу судалгаа, шинжилгээний зориулалтаар дээж, сорьц авах, ан амьтны сүргийн бүтцийг зохицуулах, байгалийн баялгийг нөхөн сэргээх, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх;

4/ ан амьтанд зориулан ус задгайлах, хадлан бэлтгэх, өвс тэжээл, хужир, шүү тавих, нөмөр хорго барих болон биотехникийн бусад арга хэмжээг зохих журмын дагуу гүйцэтгэх;

5/ рашаан,эмчилгээ, сувилгааны зориулалттай эрдэс, байгалийн дагалт баялгийг зохих журмын дагуу ашиглуулах;

6/ зөвшөөрөгдсөн аялал, жуулчлалын зам, чиглэлийг тэмдэгжүүлэх, шаардлагатай орон байр барих, тээврийн хэрэгслэлийн зогсоол гаргах, биеийн тамирын болон нийтийн бусад арга хэмжээ явуулах газар, журмыг тогтоох, эрүүл ахуйн нөхцөлийг нь хангах, тэдгээрийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран тохижуулах;

7/ зөвшөөрөгдсөн бүс дэх сууринг тохижуулах, барилга байгууламж барих ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаад хяналт тавих;

8/ уул, овоо тахих,уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх ажиллагааг зохицуулах;

9/ тусгай хамгаалалттай газар нутгийн ач холбогдол, хамгаалалтын горим, холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, он дарааллын бичиг хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх;

10/ зөвшөөрөгдсөн бүсэд байлгаж болох малын төрөл, тоо болон зохих журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж,байгууллагад ашиглуулах газрыг тогтоох.

31 дүгээр зүйл. Байгаль хамгаалагчийн бүрэн эрх

1. Хамгаалалтын захиргааны хамгаалалт хариуцсан ажилтан болон байгаль хамгаалагч нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх, үүрэгтэй байна.

2. Тусгай хамгаалалттай газар нутагт ажиллаж байгаа байгаль хамгаалагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ энэ хууль болон байгаль орчныг хамгаалах бусад хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг таслан зогсоож, гэм буруутай этгээдэд зохих хариуцлага хүлээлгэх;

2/ хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэн орох, шалгалт хийх;

3/ хууль тогтоомж зөрчсөн сэжиг бүхий иргэний бичиг баримтыг шалгах, түр хураах, шаардлагатай гэж үзвэл унаа хөсөгт нь үзлэг хийх, зэвсэг хэрэгсэл, агнасан, түүсэн, бэлтгэсэн зүйлийг хураан авах;

4/ хууль тогтоомж, хамгаалалтын горимыг зөрчиж байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох, тэдгээрт хугацаатай үүрэг, даалгавар өгөх, шаардлага тавих;

5/ албан үүргээ гүйцэтгэх үедээ дүрэмт хувцас, ялгах тэмдэг, зэвсэг, хэрэгсэлтэй байх.

32 дугаар зүйл. Байгаль хамгаалагч зэвсэг хэрэглэх

1. Тусгай хамгаалалттай газар нутагт ажиллаж байгаа байгаль хамгаалагчийн хэрэглэх зэвсэг,хэрэгслийн төрөл, тэдгээрийг хэрэглэх журмыг төрийн захиргааны төв байгууллага цагдаагийн төв байгууллагатай зөвшилцөн тогтооно.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Байгаль хамгаалагч албан үүргээ гүйцэтгэж байх үедээ дараахь тохиолдолд зэвсэг хэрэглэж болно:

1/ байгаль хамгаалагчийн амь нас, эрүүл мэндэд гэмт этгээд хохирол учруулж болзошгүй байдал бодитоор бий болсон;

2/ байгаль хамгаалагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар зэрлэг амьтан довтолсон.

 

ДОЛДУГААР БҮЛЭГ
Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, судалгаа, Шинжилгээний ажил явуулах

33 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах

1. Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.

2. Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно.

З. Энэ зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь гадаад улсын болон олон улсын байгууллага тусгай хамгаалалттай газрын зохих бүсэд энэ хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд төслийн дагуу үйл ажиллагаа явуулахад хамаарахгүй.

34 дүгээр зүйл. Газар ашиглах хугацаа, газрын хэмжээ

1. Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна.

2. Тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрын хэмжээг төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэмжээний дотор хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг дарга тогтооно.

35 дугаар зүйл. Газар ашиглах тухай хүсэлт гаргах

1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана.

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

2. Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна.

36 дугаар зүйл. Газар ашиглуулах тухай шийдвэр гаргах

1. Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.

2. Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ.

З. Аялал, жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ.

4. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрт ашиглуулах газрын зориулалт, орших бүс, байршил, зааг, хэмжээ, дангаар буюу дундаа ашиглах талаар тодорхой заана.

5. Газар ашиглуулахаас татгалзсан бол төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрт үүний шалтгаан, үндэслэлийг заана.

З7 дугаар зүйл. Газар ашиглах тухай гэрээ

1. Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна.

2. Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

1/ тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгө;

2/ газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа;

3/ газрыг ашиглах,хамгаалах талаарх талуудын эрх, үүрэг, хариуцлага;

4/ гэрээ дуусгавар болсон тохиолдолд газрыг эргүүлж авах нөхцөл, журам, уг газрыг нөхөн сэргээх, засаж тохижуулах, хүлээлгэн өгөх журам.

З8 дугаар зүйл. Газар ашиглагчийн эрх, үүрэг

1. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

2. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ:

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

1/ тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх;

2/ ашиглахаар авсан газартаа тогтоосон замаар орж, гарах;

3/ хууль буюу гэрээнд заасан үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан ашиглаж байгаа газрынхаа төлөв байдал, ашиглалтын зориулалтыг өөрчлөхөд хүрвэл холбогдох зураг төслөө төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж зөвшөөрөл авах;

4/ газар ашиглах эрх дуусгавар болоход ашиглаж байсан газраа нөхөн сэргээх, засаж тохижуулан хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгөх.

З9 дүгээр зүйл. Газар ашиглагчид хориглох үйл ажиллагаа

 1. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

1/ ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах;

2/ энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах.

2. Ашиглагчаас газрыг хуульд заасан үндэслэлээр эргүүлж авах тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутгаас түүнд дахин газар олгохгүй байж болно.

40 дүгээр зүйл. Газар ашиглах эрх дуусгавар болох, газрыг чөлөөлөх

 1. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:

1/ Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр;

/Энэ заалтад 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

2/ тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн.

2. Газар ашиглах эрх дуусгавар болоход иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж байсан газраа чөлөөлж энэ хуулийн З7 дугаар зүйлд заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол 9О хоногийн дотор тухайн газар нутгийн хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө.

41 дүгээр зүйл. Тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа, шинжилгээний ажил явуулах байгууллага, түүний үүрэг

 1. Тусгай хамгаалалттай газар нутагт төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсан байгууллага, гадаадын болон олон улсын эрдэм шинжилгээний байгууллага судалгаа, шинжилгээний ажлыг гэрээний үндсэн дээр явуулж болно.

2. Тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа, шинжилгээ явуулах байгууллагын үүрэг:

1/ тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж, хамгаалалтын горимыг сахин биелүүлэх;

2/ судалгаа, шинжилгээний ажил явуулахдаа зохих зөвшөөрөл авах, хураамж төлөх;

3/ судалгаа, шинжилгээний ажлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар гүйцэтгэх;

4/ судалгаа, шинжилгээний ажлын талаар хамгаалалтын захиргаа болон төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;

5/ судалгаа, шинжилгээний ажлын явцад байгаль орчинд хохирол учруулсан бол түүнийг нөхөн сэргээх арга хэмжээ авч тухайн газар нутгийг хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгөх.


НАЙМДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл

 42 дугаар зүйл. Төрийн хяналт

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын байгууллага, хамгаалалтын захиргаа, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2. Байгаль орчны хяналтын улсын байцаагчид тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, зөрчигчдөд эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага хүлээлгэнэ.

4З дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд түүний гэм буруу, зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг харгалзан хуульд заасан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

2. Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон буюу зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулсны улмаас газрын төрх байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймагт хохирол учирсан бол гэм буруутай этгээдээр хохирлыг зохих журмын дагуу нөхөн төлүүлнэ.

З. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийг дараахь байдлаар зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, байгаль орчны хяналтын улсын байцаагч гэм буруутай этгээдэд дор дурдсан шийтгэл ногдуулна:

1/ тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж иргэнийг 20000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000 төгрөгөөр торгох;

2/ байгалийн нөөц болон дурсгалт газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж иргэнийг 2000-20000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох;

3/ байгалийн цогцолборт газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж иргэнийг 10000- 20000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох;

4/ тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа, шинжилгээний ажил явуулахдаа газрын төлөв байдал, хөрс, ус, агаар, ургамал, амьтны аймагт сөрөг нөлөөлсөн, хохирол учруулсан бол иргэнийг 5000-25000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох;

5/ дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж иргэнийг 10000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 төгрөгөөр торгох.

/ Энэ зүйлд 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 43 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

 44 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
 Энэ хуулийг 1995 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ